АХМАД ДАЙЧДЫН ОРОН СУУНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ.
Ахмад дайчид, цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад настны орон сууц, нийгмийн хамгааллын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт хандан санал ирүүлсний дагуу Ерөнхий сайд ахмад дайчдыг орон сууцжуулах талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байнуулалтын сайдад даалгасан юм. Үүний дагуу БХБЯ-наас Засгийн газрын тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцүүлэв.
Тогтоолын төсөлд
Нийслэлийн Засаг даргын 2007 оны төсвийн багцад тусгагдсан ахмадууд болон төрийн албан хаагчдад зориулан орон сууц барих зориулалттай 1 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс урьд нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчдыг орон сууцтай болоход нь тусламж болгон олгох ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад, Ахмад дайчдыг орон сууцжуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээр шийдвэрлэж байхыг Сангийн сайд, БХБ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа орон сууцны 20 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь, 2 хувийг үнэ төлбөргүйгээр Орон сууц хөгжүүлэх улсын сангийн мэдэлд шилжүүлэн авах нөхцөлтэйгээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад газар олгох гэрээ байгуулж ажиллахыг БХБ-ын сайд, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Энэхүү арга хэмжээ нь урьд нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчдад хамаарах юм.
Орон сууц хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг цаашид идэвхжүүлж, бий болсон орон сууцны фонд болон хөрөнгийн эх үүсвэрээс нийгмийн эмзэг хэсэг, ахмадууд, залуу гэр бүл, төрийн албан хаагчид, орон сууц зайлшгүй шаардлагатай иргэдийг орон сууцжуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АХМАД ДАЙЧДЫН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ
2007 -09-28 Дугаар 250 Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2007 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд ахмадууд болон төрийн албан хаагчдад зориулан орон сууц барихаар тусгагдсан хөрөнгөөс өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчдыг орон сууцаар хангах ажлыг энэ онд багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт үүрэг болгосугай.
2. Ахмад дайчдын орон сууцны хангамжийг сайжруулахад зориулж тодорхой хэмжээний хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх нөхцөлийг тусган уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
