Мэдээ мэдээлэл:

Орон сууцны журам

E-mail Print PDF

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30

дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ФОНДЫГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь Нийслэлийн нийгмийн эмзэг хэсэг, ахмадууд, төрийн албан хаагчдыг хөнгөлттөй нөхцлөөр орон сууцаар хангах орон сууцны фондыг бүрдүүлэх үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэнэ.

1.2 Журмыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна.

Хоёр. Нэр томьёоны тухай ойлголт

2.1 ”нийтийн зориулалттай орон сууц” гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь гурав буюу түүнээс дээш давхар сууцны зориулалттай барилгыг хэлнэ.

2.2 “төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж” гэж эрчим хүч, дулаан хангамж, ариутгах татуурга, усан хангамжийн түгээх, цуглуулах, татан зайлуулах дамжуулах, олборлох, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг хэлнэ.

2.3 “гол шугам” гэж эх үүсвэрийн барилга байгууламжаас салбар шугам хүртэлх шугам сүлжээг хэлнэ.

2.4 “орон сууцны талбай” гэж орон сууцны барилгын доторх хүн ам амьдрахад зориулагдсан талбайг хэлнэ.

Гурав. Хамрах хүрээ

3.1 Нийслэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны барилга болон амины орон сууцны хороолол барих гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Дөрөв. Орон сууцны фонд бүрдүүлэх нөхцөл

4.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь орон сууцны барилга, бичил хороолол, амины орон сууцны хороолол, цогцолборыг барьж байгуулахад доорх үзүүлэлтийг шалгуур болгон дагаж мөрдөнө.

4.1.1 Улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн төвлөрсөн инженерийн хангамжийн эх үүсвэр, авто зам, гол болон салбар шугам сүлжээ бүхий газарт баригдсан барилгын орон сууцны нийт талбайн 2 хувийг үнэ төлбөргүйгээр, 20 хувийг өөрийн өртгөөр нь тооцон Нийслэлийн орон сууц хөгжүүлэх фондод төвлөрүүлнэ. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газар нь тус заалтад нэгэн адил хамаарна.

4.1.2 Төвлөрсөн инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, авто зам харьцангуй сул хөгжсөн нутаг дэвсгэрт баригдсан барилгын орон сууцны нийт талбайн 2 хувийг үнэ төлбөргүйгээр, 10 хувийг өөрийн өртгөөр нь тооцон Нийслэлийн орон сууц хөгжүүлэх фондод төвлөрүүлнэ.

4.1.3 Дэд бүтцийн хангамжийн эх үүсвэр, авто зам, шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр иж бүрэн барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөлөлт үзүүлэх бодлогыг баримтлан баригдсан орон сууцны нийт талбайн 1 хувийг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн орон сууц хөгжүүлэх фондод төвлөрүүлнэ.

4.2 Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын дагуу иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчлөгдсөн газрын зориулалтыг өөрчлөн баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилга, бичил хороолол, цогцолборын сууцны нийт талбайн 2 хувийг үнэ төлбөргүйгээр, 5 хувийг өөрийн өртгөөр нь тооцож Нийслэлийн орон сууц хөгжүүлэх фондод төвлөрүүлнэ.

4.3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь энэхүү журмын 4.1, 4.2-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай үүрэг гүйцэтгэх тухай гэрээ байгуулан, гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих байгууллагыг тогтоож, зохих шийдвэрийг гаргаж ажиллана.

Тав. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын эрх үүрэг

5.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол болон нийтийн орон сууцны зориулалттай барилгын байршил тогтоон, газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний техникийн нөхцлийн шаардлагыг хангуулах, холбогдох зураг төслийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянах, хамтран ажиллах гэрээ байгуулан хууль, дүрэм, журмын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

5.2 Нийтийн зориулалттай орон сууцны барилга, бичил хороолол, амины орон сууцны хороолол, цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлт, өндөржилт, гадаргуугийн ус зайлуулах арга хэмжээ, инженерийн хангамж, зам талбай, тохижилтонд тавигдах шаардлагыг Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусган тодорхойлж өгнө.

5.3 Шилдэг төсөл сонгон шалгаруулалт болон газар эзэмших эрхийг дуудлагаар худалдсан газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар болон инженерийн хангамжийн техникийн нөхцлүүдийг холбогдох ашиглалтын байгууллагуудад санал тавьж шийдвэрлүүлэх.

5.4 Барилга байгууламж барих хугацаа, ажлын чанар гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

Зургаа. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг

6.1 Амины орон сууцны хороолол болон нийтийн зориулалттай орон сууцны барилга барих үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын гаргасан норм норматив, журам, заавар, шийдвэрийг мөрдөж ажиллана.

6.2 Захиалагч байгууллага нь энэхүү журамд заасан шаардлагыг биелүүлж, зураг төсөл, даалгаврыг боловсруулан батлуулах зэрэг холбогдох хуулийн хүрээнд олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллана.

6.3 Энэхүү журмын 5.3-д заасан нөхцлүүдийг Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас гаргуулна.

6.4 Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгогдсон газарт гэрээнд заасан хугацаанд, төрөөс олгогдсон нөхцөл шаардлагын дагуу барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулна.

Долоо. Хариуцлага

7.1 Төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон газарт баригдах барилга байгууламжийн зориулалт, архитектур төлөвлөлтөнд тавигдсан шаардлагыг дур мэдэн өөрчилсөн нөхцөлд газар эзэмших, ашиглах эрх нь үүрэг гүйцэтгэх тухай гэрээнд заасны дагуу хүчингүй болж, гэрээ цуцлагдана.

7.2 Гэрээ цуцлагдсан тохиолдолд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгах хүртэл арга хэмжээ авч, нөхөн төлбөр олгохгүй.

Найм. Бусад зүйл

8.1 Энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.