Мэдээ мэдээлэл:

ХОТ, ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЖУРАМ

E-mail Print PDF

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны

63 дугаар тогтоолын хавсралт.

ХОТ, ТОХИЖИЛТ, цэвэрлэгээний ТАЛААР АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, иргэдээс дагаж мөрдөх ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хотын тохижилт, нийтийн эзэмшлийн эд аж ахуйг арчлан хамгаалах, орчноо цэвэр байлгах талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг мөрдөхөд энэхүү журмыг баримтална.

1.2. Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин сууж буй бүх иргэн дагаж мөрдөнө.

1.3. Журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, дүүрэг, хорооны Засаг дарга нар шууд хариуцан зохион байгуулж,хэрэгжүүлнэ.

Хоёр. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг.

Албан байгууллага,аж ахуйн нэгж нь өмчийн харъяаллаас үл хамааран орчны тохижилтын талаар дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

2.1. Байгууллага бүр /Томоохон барилга байгууламжинд олон тооны аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бол ерөнхий эзэмшигч байгууллага, тухайн объектын өмчлөгч/ байршилын болон тохижилтын зураг гарган батлуулж, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, тэнд ажиллагсадын хэвийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

2.2. Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшилийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог , цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах.

2.3. Байгууллагууд нь хөрш зэргэлдээх байгууллага,аж ахуйн нэгжтэйгээ хаяа нийлсэн байрлалын байдлаас хамааран хоорондоо сул чөлөөтэй буюу эзэнгүй талбай үлдээхгүй байхаар тооцож газраа хуваарилан, цаашид хэрхэн тохижуулах асуудлаа хамтран шийдвэрлэсэн байх.

2.4. Байгууллага нь орчноо тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, холбогдох этгээдийн зөвлөгөө авч, орчны барилгажилттайгаа нягт уялдуулан аль болох гадаад өнгө үзэмжээ сайжруулах, нийслэлчүүдийн таашаалд нийцсэн дизайн загвар гаргах, архитектуурын чимэглэл хийх, хаяг рекламаа стандартын дагуу шинэчлэх, гэрэлтүүлэгтэй болгох, явган зорчигчдын урсгал хөдөлгөөнд зохицуулсан зам гаргах, гадна орчноо бүрэн гэрэлтүүлсэн байх зэрэг шаардлагуудыг хангаж ажиллах.

2.5. Байгууллага бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах,хэрвээ ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг заавал бий болгох ажлыг зохион байгуулах.

2.6. Бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн баталгаажсан газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, эд аж ахуйг арчлан хамгаалах, сэргээн засах үүргийг хүлээж, хот, дүүргээс зохион байгуулсан ажилд хамт олноо идэвхтэй оролцуулах.

2.7. Орчноо тохижуулах, хот, нийтийн эд аж ахуйг хамгаалах, хотын тохижилтод оруулж буй хувь нэмрээ олон нийтэд ил тод сурталчлах ажлыг байгууллага бүр байнга хийж бусдыгаа үлгэрлэх, бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндээ байгууллагын гадна тохижилт, өнгө үзэмжээрээ дээшлүүлэх.

2.8. Хог хаягдал гаргасны төлбөрөө цаг хугацаанд нь тогтмол төлж, мэргэжлийн байгууллагаар хог хаягдлаа тээвэрлүүлэх.

2.9. Байгууллагын гадна фасад,хана,цонх,хаалга, шат, довжоо, хаяг рекламыг тогтмол цэвэрлэж, өнгө үзэмжтэй байлгах.

2.10. Байгууллага нь жил бүр цэвэрлэгээний ажлын төлөвлөгөө гарган шаардагдах хөрөнгийг жилийн төсөвтөө суулгаж ажиллах.

2.11. Байгууллага бүр гадна талбайдаа стандартын шаардлага хангасан хогийн савтай байх.

2.12. Стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой байх бөгөөд ариутгалыг тогтмол хийж байх.

2.13. 7 хоног бүр гадна орчноо цэвэрлэж байх бөгөөд хот, дүүрэг, хорооноос зохион байгуулж байгаа их цэвэрлэгээний ажилд тогтмол оролцож байх.

2.14. Орчныхоо хог хаягдлыг цэвэрлэхэд шаардагдах багаж,хэрэгслэлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэсэн байх.

2.15. Байгууллага бүр хог хаягдлаа ангилан ялгаж хаях.

Гурав.Иргэдийн хүлээх үүрэг

Нийслэлд байнга болон түр оршин сууж байгаа бүх иргэд доорх үүргийг хүлээнэ.Үүнд:

3.1 Иргэд нь хотын ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хөшөө дурсгал, зам талбай, хайс хашаа,хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэрэг нийтийн эзэмшлийн эд, аж ахуйг хайрлан хамгаалахын зэрэгцээ түүнийг эвдэж сүйтгэхгүй, чанарыг алдагдуулахгүй байх нийгэмч үзэл, ухамсрыг өөртөө төлөвшүүлж нийтийн эрх ашигт хохирол учруулахгүйгээр ажиллаж амьдрах.

3.2. Хот, нийтийн эд аж ахуйд хохирол учруулж буй буруутай үйлдэл бүрийг соргогоор мэдэрч холбогдох байгууллага, иргэдэд мэдээлэх, таслан зогсоох арга хэмжээ авах.

3.3. Гэр хороололд амьдардаг айл өрх бүр гудамжаа тохижуулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ өөрийн гэр, байшин, хашаагаа тохижуулан, жигд өнгөлөн будах, гаднаа гэрэлтүүлэг, нэгдсэн хаяг дугаартай болох, стандартын шаардлагад нийцсэн жорлон, бохир усны цооногтой байх, түүнийг ариутгах ажлыг тогтмол хийж байхаас гадна хашаа бүрт 5-аас доошгүй мод, 10-аас доошгүй бут, сөөг тарьж ургуулсан байх.

3.4. Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулж байгаа их цэвэрлэгээний ажилд тогтмол идэвхтэй оролцож байх.

3.5. Нийтийн эдэлбэр газар, гудамж талбай, үерийн ил далан суваг,гуу жалганд хог хаягдал хаяхгүй байх, хог хаяж зөрчил гаргасан иргэдэд шаардлага тавьж, холбогдох байгууллага, этгээдэд мэдэгдэж байх.

3.6. Иргэд, айл өрх бүр хог хаягдал гаргасны төлбөрөө сар бүр хугацаанд нь тогтмол төлж байх.

3.7. Зохих байгууллагын зөвшөөрөл,шинжилгээгүйгээр нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад тэжээхгүй байх, гадна орчинд бие засуулахгүй байх, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх.

3.8. Айл өрх, иргэн бүр хог хаягдлаа ангилан ялгаж хаях.

Дөрөв. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд дараахь зүйлийг хориглоно.

4.1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр суваг, шуудуу ухах, зам, гудамж талбайг сэтлэх, түүний урсгал чиглэлийг өөрчлөх, хаах, зүлэгт талбай,мод сөөг, цэцгийн мандал, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, хөшөө дурсгал , хайс хашаа зэрэг хот, нийтийн эд аж ахуйг эвдэх, гэмтээх.

4.2. Реклам, сурталчилгааны самбар, зарлал, ухуулах хуудас,хаягийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гудамж, талбай, байшин барилгын хана туурга, холбоо, гэрлийн шон дээр наах,байрлуулах.

4.3. Ногоон байгууламж, зүлэгт талбай болон зөвшөөрөгдөөгүй газраар тээврийн хэрэгслээр зорчих, зам гаргах, гинжит машин механизмаар хатуу хучилттай зам талбайгаар явах, эвдэж сүйтгэх.

4.4. Нийтийн эдэлбэр газар, гудамж талбай, хотын дэвсгэр нутаг дахь гадаргын усны эх булагт эд зүйлс, машин техник угаах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүний сав газраас элс, хайрга, хар шороо авч хөрс эвдэх, усны урсгалыг боох, гольдролыг өөрчлөх.

4.5. Хог хаягдал, бохир усыг зориулалтын газар, тогтоосон цэгээс өөр газарт ил задгай хаях, шатаах.

4.6. Гудамж талбай, үерийн далан суваг, гуу жалга, үзвэр үйлчилгээний газар, орон сууцны орц, хонгил, нийтийн тээврийн хэрэгсэлд ил задгай хог хаях.

4.7. Инженерийн шугам сүлжээний худаг, орон сууцны орц, хонгилыг хог хаягдлаар бохирдуулах.

Тав. Хүлээлгэх хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд учруулсан хохиролыг нөхөн төлүүлж , холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.