Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам,
мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж ,
иргэдээс дагаж мөрдөх журам.
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах үед төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2 Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомж нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэнэ.
1.3 Журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
1.4 Улирлын болон түр хугацаагаар ажиллах нээлттэй үзэсгэлэн, зах, зуны кафетери, цэнгэлдэх хүрээлэн, урлаг, спортын цогцолбор гэх мэт хотын нутаг дэвсгэрт болон гадаад орчноос ажиглагдахаар байрлуулсан гадна реклам мэдээллийн байгууламжийг эзэмшигч нь Хот, нийтийн аж ахуйн хэлтэстэй түр гэрээ байгуулан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэнэ.
Хоёр. Гадна реклам, мэдээллийн байгууламжийн нэр томъёоны ойлголт
2.1. Гадна рекламын байгууламж гэдэг нь: Хотын нутаг дэвсгэрт байрлуулсан график дизайны дүрслэл бүхий агуулгатай хэлбэр дүрс, эзэлхүүн болон байршлаараа ялгардаг байгууламжийг хэлнэ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мөрдөгдөх стандарт нь
3х6м, 4х9м, 5х12м 60м2-100м2, 100м2-аас дээш гэсэн хэмжээтэй байхаас гадна 1,2,3 талтай байж болно.
2.2 Мэдээллийн байгууламж нь үйл ажиллагааны мэдээллийн зориулалттай бөгөөд хотын хэрэглээний зах зээл, үйлчилгээний албан байгууллага /байгууллага, аж ахуй нэгжийн нэр хаяг, үйл ажиллагааны чиглэл, нэр хаяг, цагын хуваарь, байршил/ зэргийг агуулсан мэдээллийг хэлнэ.
Гадна рекламын байгууламжийн загварууд:
2.3. Дээврийн байгууламж. Барилгын карнизаас дээш буюу дээвэр дээр байрлуулсан төрөл бүрийн хийц, хэлбэр хэмжээтэйгээр хийгдсэн байгууламжийг ойлгоно.
Энэ нь бэхэлгээ, байгууламжийн даацын хэсэг болон мэдээллийн байгууламжаас бүрдэнэ. Хийн гэрэл болон ширхэгт нүдэнд харагдах элементүүд эсвэл дотоод гэрэлтүүлэгтэйгээр электрон самбар маягаар хийгддэг байгууламж юм. Дээврийн байгууламж байрлуулахын өмнө заавал техникийн албаны дүгнэлт гаргуулж түймэр унтраах, осол гарсан нөхцөлд цахилгаан тэжээлээс салгагдах системтэй байх ёстой. Дээврийн байгууламж нь газраас энгийн нүдээр харагдаж байх бөгөөд байгууламжийн бэхэлгээний болон даацын хэсгүүд нь ар талдаа чимэглэлийн хавтгайлжтай байна.
2.4. Тусгайлан байрлуулсан самбарт байгууламж. Энэ нь 1 буюу хэд хэдэн талтай байх бөгөөд хэмжээ нь 1.8м х 1.2м х 3м , 3мх 6м, 4мх 9м, болон түүнээс дээш хэмжээтэй байна. Байгууламжийн суурь газрын гүнд 3.5 м бетоноор цутгаж бэхлэгдэж байрласан байна. Самбарт байгууламжийн хоорондын зай нь тухайн байршлын онцлогоос хамаарч 200-300 метрт байрлана.
2.5. Брандмуэрны байгууламж. Энэ нь барилга байгууламжийн хананд байрлуулсан рекламын байгууламж юм.
-шууд байрлуулсан дүрс /мэдээллийн талбай/
-бэхэлгээ каракас болон мэдээллийн талбайны элементүүдээс бүрдсэн байгууламж гэсэн хоёр янз байна.
Хэмжээ нь 3м х 6м , 4м х 9м, байх буюу барилга байгууламжийн гадаргууны талбайгаас хамаарч янз бүр байх боломжтой. 1дүгээр зэрэглэлийн бүсэд, хотын гудамж талбайн барилга байгууламжийн хананд байрлуулах реклам мэдээллийн байгууламжийг /соёл урлаг, биеийн тамирын үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас бусад/ хот тохижилтын хэлтсээс зохих журмын дагуу зөвшөөрөл авч байрлуулна.
2.6. Түр буюу байнгын хашаа , хаалт ,хашлаган дээрхи байгууламж. Энэ нь барилгажилт, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явагдах хугацаанд уг барилга байгууламжийн талаархи товч мэдээллийн агуулсан байгууламж болно.
Хэмжээ нь -3м х 5м байх бөгөөд баригдаж буй барилгын график рекламд хамаарахгүй.
2.7. Хотын гэрэлтүүлэг, троллейбусны болон тусгайлан босгосон шонд байрлуулсан рекламын байгууламж.
Байгууламжийн хэмжээ нь:
- нарийн гудамжнуудад 0.7 х 1м
- төв болон магистраль гудамжнуудад 1м х 1 м, 1.5м х1м, 1.8м х 1.2м хэмжээтэй байна.
Явган хүний зам руу харуулан нэг шон дээр зөвхөн нэгийг байхаар байрлуулна. Ногоон байгууламж бусад саадаас болж авто зам тал руу харуулж байрлуулах, стандартын бус /дугуй, хэвтээ/ самбар тавих бол Замын цагдаагийн газартай зөвшилцөнө.
2.8. Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулсан рекламын байгууламж.
Гудамж , авто зам хөндлөн татсан хэц нь даавуун төрлийн чанартай материалаар өнгө үзэмжтэй хийгдсэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр 7 метрээс доошгүй өндөрт байрлана. Тусгайлан байрлуулсан шон буюу төмөр хийц дээр байрлуулах ба гэрлийн шон троллейбусны болон бусад зориулалтын биш шонд хэц татаж байрлуулахыг хориглоно. Дээрхи байгууламжууд нь хот доторхи авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байхаар байрласан байна.
Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулсан байгууламжид дараахи нөхцлүүдийг хориглоно.
-Уг байгууламжийн хэлбэр дүрс болон түүн дээрхи сурталчилгаа нь авто замын хөдөлгөөний зохицуулах тэмдгүүдтэй ижил буюу төстэй, замын хөдөлгөөний цагийн байдлыг үнэлэхэд хүндрэл учруулж болзошгүй байх,
-авто замын хөдөлгөөний зохицуулах тэмдэгтүүдийн үзэгдэх орчинг халхлах.
-уг байгууламжийн гэрэлтүүлгийг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд саад болохоор хийх.
-авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэгтүүд байрлуулсан шон дээр давхцуулан байрлуулах.
-авто замын аюултай хэсэгт байрлуулах.
-авто замын голын тусгаарлах зурвас дээрхи рекламын байгууламжийн суурь хөлийг авто замаас 2м -ээс бага зайд байрлуулах.
-Авто замын дагуугийн налуу нь дөрвөн хувиас дээш бол түүний ойролцоо байрлуулах.
Авто замын дагуух байгууламжууд нь замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэгтүүд болон гэрлэн дохионоос дараахь зайнд байрласан байх шаардлагатай.
Үүнд:
а.Авто замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурд нь 60 км цагаас дээш бол:
18 метр квадрат талбайтай байгууламжийг 200м
15 метр квадрат талбайтай байгууламжийг 150м
6 метр квадрат талбайтай байгууламжийг 100м
2метр квадрат талбайтай байгууламжийг 50м
б.Авто замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурд нь 60 км цагаас бага бол:
18 метр квадрат талбайтай байгууламж 100м
6 метр квадрат талбайтай байгууламж 50м
2 метр квадрат талбайтай байгууламж 25м
Гадна рекламын байгууламжийг авто замын дагуу байрлуулахад, түүний доод захаас замын түвшин хүртлэх зай нь 2.5 метрээс багагүй /байрны хашаа хашлагатай орчинд замын цагдаагийн газрын зөвшөөрлөөр уг зайг багасгаж болно./ Замын дагуух гэрэлтүүлгийн болон троллейбусны шон дээр байрлуулахад 4.0 метрийн доошгүй өндөрт,авто зам дээгүүр хөндлөн байрлуулахад 5.0 метрээс доошгүй өндөрт байрлана.
Нэг урсгалтай авто замын дагуух байгууламжийн хоорондын зай нь 150 метрээс багагүй байна.
Гэрэлтүүлгийн болон троллейбусны шон дээр байрлуулсан байгууламжийн хоорондын зай нь 40 метрээс багагүй байна.
Авто зам болон гэрэлтүүлгийн шонд байрласан реклам мэдээллийн байгууламж байрлуулахдаа тэдгээрийн засвар үйлчилгээ хийх техникийн боломжийг алдагдуулахгүйгээр ,цахилгаан техник , аюулгүй ажиллагааны дүрмийг хангасан байна.
2.9. Үйлчилгээний байгууллагын барилга байгууламж болон витрин дэхь өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүтээгдэхүүнд хамаарахгүй сурталчилгаа. Энэ нь үйлчилгээний байгууллагын барилга байгууламж болон витрин дэхь өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүтээгдэхүүнд хамаарахгүй рекламын байгууламж юм.
2.10. Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, буудал болон газар доогуурхи гарц дахь байгууламжууд. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, болон газар доогуурхи гарц дахь авто замын байгууламжид байрлуулсан байгууламж юм.
2.11. Байгууллагын туг, далбаа. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын бэлгэ тэмдэгийг илэрхийлсэн далбаа болон хөшиг- нэг эсвэл хэд хэдэн тугийн шон болоод давуугаас бүрдэх гадна реклам мэдээллийн хэрэгсэл юм.
2.12. Эзэлхүүнт орон зайт байгууламж. Байгууламжийн гадаргуугийн эзлэх орон зайг мэдээлэл байрлуулахад ашигладаг гадна реклам мэдээллийн байгууламж. Эдгээр байгууламжууд нь тусгайлан сонгосон газар, орчны барилга байгууламж, газар нутгийн онцлогт тохируулан архитектор, уран сайхны онцлог шийдлээр тусгайлан зураг төслөөр гүйцэтгэнэ.
Нийтийн орон сууц, байгууллагуудын цонх, үзэгдэх орчинг халхлахгүй байрлуулна.
2.13. Газрын гадаргууд байрласан газрын чимэглэлт зураг. Энэ нь зурвас болон замын налуу бэл дэхь каркасан зураг, янз бүрийн будагч бодисууд эсвэл гоёмсог материалуудаар гудамжны явган замыг хучих болон замын барилгын материалаар хийгдсэн гудамжны явган замын зураг
2.14. Тусгах төхөөрөмж газар болон ханын хавтгайд ямар нэгэн эзлэхүүнт дүрс буулгах зориулалттай гадна рекламын байгууламж. Тусгах төхөөрөмж нь газар ханын хавтгайд болон ямар нэгэн эзэлхүүнт дүрс буулгах зориулалттай гадна реклам мэдээлэл зүйн байгууламж. Тусгах төхөөрөмжийн бүтэц нь тусгах төхөөрөмж болон мэдээллийн дүрсийг харуулах гадаргуу /дэлгэц/ эсвэл эзэлхүүнээс бүрдэнэ. Хавтгай дүрсэд зориулсан мэдээллийн талбай нь тусгах гадаргууны овор хэмжээгээр тодорхойлогдоно.
2.15. Рекламын бичиглэлтэй уламжлалт бус рекламын хэрэгсэл. Энэ нь агаарын бөмбөлөг, аэростат, гэх мэт хэлбэрээр хийгдэх рекламын байгууламж юм.
2.16. Мэдээллийн жижиг самбар гэдэг нь. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн товч мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх байнгын болон түр хугацаатай байрлуулах зориулалттай самбар. Үйлчилгээний аль ч байгууллага хүн амын тоо хэмжээнээс хамааран нэг буюу хэд хэдэн мэдээллийн самбартай байж болно
-Аж ахуй нэгж, байгууллагын бүртгэгдсэн / оноосон/ нэр
- Аж ахуй нэгж, байгууллагын ажлын горим
-рекламын бус шинж чанартай нэмэлт мэдээлэл /шаардлагатай тохиолдолд /
2.17. Түр хугацаатай байрлуулах зөөврийн мэдээллийн самбар. Энэ нь тодорхой хугацаанд хотын нутаг дэвсгэрийн тодорхой байрлалд зөвшөөрөл авсан хугацаанд байрлана.Нийтийн эзэмшлийн зам талбай , үйлчилгээний байгууллагын үүднээс 1-1.5 метрт байрлана.
2.18. Витрин. Барилга, байгууламжийн цонх суулгах шиллэсэн хонхорхой болон үзмэрийн цонхонд эсвэл салангид байрлах байгууламжийн маягаар байрлуулсан гадна реклам мэдээллийн эзлэхүүнт байгууламж болно. Витрин нь бүтцийн хувьд суурь, каракас болон тунгалаг гадаргуугаас тогтоно.
2.19. Маргиз. Энэ нь дээрээ мэдээллийн саравч болон хөшиг хэлбэрээр витрин, орц, эсвэл барилга, барилга байгууламжийн хонхорхойд байрлуулсан гадна реклам мэдээллийн байгууламж юм. Энэ байгууламж нь барилгад бэхэлсэн элементүүд, каракас, зөөлөн болон хатуу суурь дээр гүйцэтгэсэн мэдээллийн талбай зэргээс бүрдэнэ. Мэдээллийн хэмжээ нь тавигдсан дүрсийн овор хэмжээгээр тодорхойлогдоно.
2.20. Штендер. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын ажиллах цагаар байрлуулах гадна реклам мэдээллийн түр хугацааны зөөврийн самбарт байгууламж юм. Штендер нь хоёр талтай бөгөөд гэрэлтүүлгийн суурьгүй мөн нэг талын талбай нь 1.5 кв.м ихгүй байх ёстой. Байгууллагын орох хаалганаас 5м -ын хол зайд явган хүний зам дээр байрлана. Явган хүний хөдөлгөөнд саад болохуйц, хоёр метрээс багагүй явган хүний замын өргөнийг эзлэх, замын хэсгээс хүлээн авахад чиглэгдсэн штендерийг байрлуулахыг хориглоно.
Дээврийн байгууламжаас бусад мэдээллийн байгууламжийн үсгийн өндөр 0.8м-ээс ихгүй буюу 0.1м-с багагүй байна.
2.21. Хөдөлгөөнт рекламын байгууламж.
Хөдөлгөөнт рекламын байгууламж нь бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн /АТХ/ гадаргуу болон бусад эд ангид байрлуулсан гадна рекламыг ойлгоно.
Энэхүү рекламыг зөвхөн дараахь байрлалд байрлахыг зөвшөөрнө.
-Хөнгөн автомашины болон микро автобусны кузовын хажуу гадаргуу дээр, -том оврын автобусны кузовын хажуу гадаргуу дээр шилний шугам хүртэл
-Ачааны авто машины кузов болон чиргүүлийн хажуу гадаргуу дээр.
- Мотоциклийн түлшний сав болон багаж зэвсгийн хайрцагны таган дээр тус тус байрлуулна.
Хориглох зүйл.
-Рекламын талбай нь АТХ-ийн кузовын эд ангийн будагтай гадаргуугийн 50 хувиас дээш байж болохгүй.
-АТХ дээр реклам байрлуулахдаа гэрэл буцаах нөлөөтэй хучилт, элементийг ашиглах.
-Гадаад гэрлэн хэрэгсэл, дугаар, мэдээллийн бичиг, тэмдэгийг халхалсан рекламыг байрлуулах.
-Жолоочын суудлаас үзэгдэх орчинг хязгаарласан рекламыг тавих.
-Тусгай болон шуурхай албаны АТХ-ын дүрс, өнгө,графикийн схемтэй төстэй реклам байрлуулах.
- Аюултай ачаа зөөх зориулалттай АТХ-д реклам байрлуулах.
-Тусгай гэрлэн болон дуут дохиогоор төхөөрөмжлөгдсөн АТХ дээр реклам байрлуулахыг тус тус хориглоно.
- Хөдөлгөөнт рекламын байгууламжийн талбайг тодорхойлохдоо эзэлж
буй талбайн квадрат метрээр тодорхойлон тооцно.
Гурав: Гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулах зөвшөөрөл, олгох, ашиглах хяналт тавих
3.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах зөвшөөрлийг авахдаа , Захирагчийн ажлын албанд хандаж албан тоотоор хүсэлтээ гаргаж, холбогдох бичиг баримтыг хавсралтаар ирүүлсэн байна.
Хүсэлт гаргасан байрлалд зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар судлаж , албан тоотын хариуг ажлын 14 хоногт багтаан өгөх бөгөөд , зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд “ Рекламын зөвлөл “-ын хурлаар хэлэлцсэн санал дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаал гаргана.
Хотын ерөнхий төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр , гудамж талбайн тохижилтын онцлогт тохируулан зөвшөөрөл олгоно.
3.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламжийн зөвшөөрлийг олгохдоо мэргэжлийн байгууллага, хэлтсийн төлөөлөл орсон “ Рекламын зөвлөл” -ийн санал , дүгнэлтийг үндэслэн хотын ерөнхий менежер тушаал гаргана.
3.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, ажил үүргийн хуваарийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежерийн тушаалаар батална.
3.4 Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгуууллагатай Хот, нийтийн аж ахуйн хэлтэс ашиглалтын гэрээг байгуулан гэрчилгээ олгоно.
3.5. Гадна рекламын байгууламж байрлуулах зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгож, зөвшөөрөл гарсанаас хойш 3 сарын дотор реклам мэдээллийн байгууламжийг байрлуулаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин хувиарлалтад оруулна.
Урьд нь зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн эзэмшиж буй рекламын байгууламж нь шинэ журам стандартын шаардлагад нийцэхгүй тохиолдолд өмнө олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож байгууламжийг буулгана.
3.6 Хугацаа нь дууссан гадна рекламын байгууламжийн зөвшөөрлийг сунгах асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг /Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын гаргасан дүгнэлтийг/ үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер шийдвэрлэнэ.
3.7. Нийслэлийн алслагдсан дүүргүүд /Багахангай , Багануур/-ийн нутаг дэвсгэрт байрлуулах гадна рекламын байгууламжийн байршлыг энэхүү журмын үндсэн шаардлагуудыг үндэслэн тухайн дүүргийн архитектор олгох бөгөөд хураажийг 2-р зэрэглэлийн бүсэд тооцон орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.
3.8. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс нь нийслэлийн нутаг дэвсгэрт гадна рекламын байгууламж байрлуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулан , рекламын байгууламжийн хураамжийг жилд 1 удаа 3-р сарын 15-ны дотор багтаан Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дансанд төвлөрүүлнэ.
3.9. Хотын зам талбай , шугам сүлжээний өргөтгөл, барилга байгууламж баригдах, тохижилтын үйл явцтай холбогдон тухайн байршил дээр байрлуулсан гадна рекламын байгууламж нь буусан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох ба реклам эзэмшигч өөрийн зардлаар байгууламжаа буулган газраа чөлөөлнө.
3.10. Дээврийн буюу гадаад фасад дээр рекламын байгууламж байрлуулахдаа өмчийн бүх хэлбэрийн барилга байгууламжийн эзэнтэй гэрээ хийж, байгууламж байрлуулах зөвшөөрлийг Захирагчийн ажлын алба хот байгуулалтын үндсэн журмыг үндэслэн олгоно. Улсын болон хотын чанартай реклам мэдээллийг байрлуулахад тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг өмчийн эзэн гэрээний дагуу хариуцна.
3.11. Гадна рекламын байгууламж эзэмшигч нь байгууламж дээрээ “Зар сурталчилгааны тухай” хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн реклам мэдээлэл байрлуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хоёроос дээш удаа зөрчсөн бол зөвшөөрлийг хүчингүй болгож байгууламжийг буулгана.
3.12. Гадна рекламын байгууламж байрлуулах зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь төрийн захиргааны байгууллагаас барилгын ажил эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгүүлэх бөгөөд угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авна. Уг байгууламжийг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийн дагуу ашиглалтанд оруулна.
3.13. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн дагуу Дүүргийн ИТХ болон Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах гадна рекламын байгууламж эзэмшигчтэй түр гэрээ байгуулан ажиллана. Сурталчилгаа байрлуулах байршлын судалгааг Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтэст 1 сарын өмнө гаргаж өгнө.
3.14. Байгууллага, аж ахуйн нэгжийн жижиг мэдээллийн самбарын зөвшөөрлийг Захирагчийн албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс холбогдох бичиг баримтыг үндэслэн журмын дагуу олгоно.
3.15. Гадна рекламын байгууламжаа ашиглалтанд оруулсанаас хойш 6 сард нэг удаа техник аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх талаар барилга архитекторын хяналтын байгууллагаар шалгуулсан актыг хот тохижилтын хэлтэстэй хийсэн гэрээнд тэмдэглүүлнэ. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд энэ журмын 8 дугаар зүйлийн 8-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Дөрөв.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
4.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах эрхийг хэрэгжүүлнэ.
4.1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулах журмыг батлах , зар сурталчилгаанаас авах хураамжийн хэмжээг тогтоох, гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
4.2. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба дараахи эрхийг хэрэгжүүлнэ.
4.2.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна рекламын байгууламж байрлуулах талаархи бодлогыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлого , төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг хотын Захирагчийн ажлын алба хариуцна.
4.2.2. Хотын ерөнхий төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, гудамж талбайн тохижилтын онцлогт тохируулан зөвшөөрөл олгоно
4.2.3. Журмыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ,хамтарсан үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулна.
Тав.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх үүрэг.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх:
5.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь эрх бүхий байгууллагаас баталсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламжуудыг байрлуулна.
5.2. Гадна рекламын байгууламж дээрээ өөрийн болон бусдын реклам зар сурталчилгааг байрлуулна.
5.3. Гадна реклам, мэдээллийн байгууламжаа бусдад түрээслэх, 6 сарын дараа худалдаж болно.
5.4. Гадна реклам, мэдээллийн байгууламжийн шилдэг байгууламж шалгаруулах уралдаан тэмцээнд оролцоно.
5.5. Гадна рекламын мэдээллийн байгууламжийн чиглэлээр дотоод гадаадын сургалт семинарт хамрагдах , мэдээллээр хангагдана.
5.6. Байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй гадна реклам мэдээллийн байгууламж бусдын буруутай үйл ажиллагааны улмаас алдагдах тохиолдолд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс тодорхойлолт гаргуулна.
5.7. Рекламын төрөлд шинэлэг технологи ашигласан, дэлгэцэт байгууламжийн шинэ төрөлүүд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж , байгууллагуудын рекламыг эхний 1 жилд хураамжаас чөлөөлөх.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүрэг:
5.8. “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”, “Барилга, барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”, “Цахилгаан техникийн угсралтын дүрэм”-ийн дагуу гадна реклам мэдээллийн байгууламжаа ашиглалтанд оруулах, ашиглах, техникийн болон аюулгүй ажиллагааг зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах.
5.9. Гадна рекламын байгууламж эзэмших зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага нь тушаал гарснаас хойш 3 сарын дотор рекламаа байрлуулах бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд тушаалыг хүчингүй болгож, байршлыг дахин хувиарлана.
5.10. Гадна рекламын байгууламж ашиглалтын гэрээг хотын Захирагчийн ажлын албатай байгуулан , рекламын хураамжийг жилд нэг удаа тус албаны дансанд тухайн жилийн 3-р сарын 15-ы дотор шилжүүлэн байршуулна.
5.11. Гадна рекламын байгууламж дээр бусдын уран бүтээл болон байгууллагын нэр , бэлгэ тэмдэг, хувь хүний эрх, ашиг сонирхолтой холбоотой зар сурталчилгаа байрлуулах бол зохиогчийн эрхийг эрх хөндөгдсөн эсэхийг нягталсны дараа тавих, зар сурталчилгааны хууль зөрчсөн зар сурталчилгаа байрлуулсанаас гарах хариуцлагыг бүрэн хариуцна.
5.12. Өөрийн эзэмшлийн барилга байгууламж дээр улсын болон хотын чанартай гадна реклам, мэдээллийг байрлуулсан байгууллага ,аж ахуйн нэгж нь тэдгээрийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг ашиглагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу бүрэн хариуцана.
5.13. Гадна реклам мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн реклам мэдээллийн байгууламжийг тойрсон 10 метр талбай доторхи цэвэрлэгээний ажлыг хариуцан хяналт тавьж ажиллана.
5.14. Гадна рекламын байгууламж нь реклам сурталчилгаагүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар байлгах тохиолдол бүрт хотын болон нийгмийн чиглэлийн зар сурталчилгааг байршуулсан байх.
5.15. Ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болоход байгууламжаа өөрийн зардлаар буулгаж, ашиглалттай холбоотой гарсан хохирлыг арилгана /нийтийн эзэмшлийн талбайд гаргасан нүх, орчны хог хаягдал, ногоон байгууламжийн хохирол, цахилгаан монтаж эх мэт/
5.16. Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага , аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагааны чиглэлийг монгол хэл дээр бичих бөгөөд нэмэлт мэдээллийг гадаад хэлээр бичсэн тохиолдолд үсгийн өндөр монгол үсэгнээс 2 дахин бага байна.
5.17. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлууулах гадна реклам мэдээллийн байгууламжууд нь дотор буюу гадна гэрэлтүүлэгтэй байх бөгөөд газраас тулах хэсгүүд нь саарал өнгийн боронзон өнгөөр будагдсан, өнгө үзэмжтэй , чанартай материалаар хийгдсэн орчиндоо зохицсон байх.
5.18. Байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаяг нь тусгай стандартын дагуу зохицуулагдана.
Зургаа. Байгууллага аж ахуйн нэгж иргэдэд хориглох заалтууд.
6.1 Зөвшөөрөлгүйгээр нийтийн болон бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, зам талбай, холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн шон зэрэгт байрлуулах , гадна рекламын байгууламж, зар сурталчилгааг наах, байрлуулах.
6.2 Монгол Улсын “Зар сурталчилгааны тухай хууль”, Монгол Улсын бусад хуульчилсан хэм хэмжээний акт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Хотын Ерөнхий менежерийн тушаал зэргийг зөрчсөн зар сурталчилгааг байрлуулах /согтууруулах ундаа,тамхи, садар самуун,шашны болон улс төрийн чанартай ил буюу далд сурталчилгаа гэх мэт/
6.4 Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Орон нутгийн сонгуулийн үеэр гадна рекламын байгууламж шинээр байрлуулах.
6.5 Нийслэлийн түүх соёлын дурсгалт газар, дархан цаазат газар зэрэг онцгой обьектын бүрэн бүтэн байдал, утгат чанарыг алдагдуулах.
6.6 Эзэмшиж буй гадна рекламын байгууламжаа зар сурталчилгаагүйгээр байлгах.
6.7 Байгууламжийг байрлуулах ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх.
6.8 Батлагдсан гадна реклам мэдээллийн байгууламжийн зураг төсөл, бүтцийг дур мэдэн өөрчлөх.
6.9 Барилга угсралтын ажил эрхлэх зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр угсралтын ажлыг гүйцэтгүүлэх.
6.10 Орон сууцны ойролцоо чимээ, шуугиан, чичиргээ хүчтэй гэрлэн, цахилгаан соронзон болон бусад туяа үүсгэгчийг гадна реклам мэдээллийн байнгын байгууламжид байрлуулахыг хориглоно.
Долоо. Гадна рекламын байгууламж байрлуулах гудамж талбай,
барилга байгууламжийн зэрэглэл, хураамжийн тариф.
7.1 Гадна рекламын байгууламжуудыг доор нэр дурьдсан газруудад байрлуулахыг хориглоно. Үүнд:
а. Хөшөө дурсгал түүх соёлын дурсгалт газрууд.
б. Музей , байгалийн дархан цаазат бүс
в. Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж
г. Сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа хайс
д.Төр захиргааны төв барилга байгууламж, түүний эзэмшлийн талбай зэрэг болно.
7.2. Шинээр баригдаж буй барилга байгууламж, барилгын засвар , өргөтгөл, түүний хашаа хайс, хаалт дээр түр хугацаагаар рекламын байгууламж байрлуулах зөвшөөрлийг Захирагчийн ажлын албанаас олгож , хураамжийг Захирагчийн албаны дансанд төвлөрүүлнэ.
7.3. Гадна рекламын байгууламжийн хураамжаас орсон орлогыг Хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан журамд заасны дагуу /зөвшөөрөлгүй байрлуулсан байгууламжийг албадан буулгах, ачиж тээвэрлэх, тэдгээрт хэрэглэгдэх машин техник, хүн хүчний асуудлыг шийдвэрлэх, цаг агаарын онцгой үзэгдэл, олон улсын шинж чанартай зохион байгуулалтын арга хэмжээ, сургалт семинар, хотын мэдлийн реклам, чимэглэлийн байгууламжийг шинэчлэх зэрэгт/ зарцуулна.
7.4. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна реклам, мэдээллийн байгууламжийн буулгах ажлыг Улаанбаатар гэрэлтүүлэг чимэглэл компани, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, Цахилгаан тээвэр компани , бусад нийслэлийн өмчийн аж ахуй нэгжүүд хариуцан гүйцэтгэнэ.
7.5. Гадна рекламын байгууламж байрлуулах гудамж , талбай, барилга байгууламжийн зэрэглэл :
1-р зэрэглэл :
-Энхтайвны өргөн чөлөө / Нисэгчдийн хөшөөнөөс- Мах комбинатын зам /
-Чингисийн өргөн чөлөө
- Наадамчдын зам
-Ард Аюушийн гудамж
-Нацагдоржийн гудамж
-Сүхбаатарын гудамж
-Бага тойруу
-Их сургуулийн гудамж
Залуучуудын өргөн чөлөө/Бээжингийн гудамж /
-Хувьсгалчдын өргөн чөлөө
-Худалдааны гудамж
- Их тэнгэрийн гудамж
-Их тойруу / зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс Нарантуул захын уулзвар хүртэл /
-Хатанбаатар Магсаржавын гудамж
-Усны гудамж
-Өндөр Гэгээн Занабазарын гудамж
-Амарын гудамж
-Амарсанаагийн гудамж
-Лхагвасүрэнгийн гудамж
-Чингүнжавын гудамж
-Цагдаагийн гудамж
-Цэрэндоржийн гудамж
-Барилгачдын талбай
-Эрх чөлөөний талбай
-Замчдын гудамж
-Энэбишийн гудамж
-Энхтайвны өргөн чөлөө / Эскадрилын хөшөөнөөс троллейбусны эцэс хүртэл /
-Баянбүрдын уулзвараас 32-ын тойрог хүртэл
-Эрхүүгийн гудамж
-Хасбаатарын гудамж
-Тээвэрчдийн гудамж /Нарны зам /
-Партизаны гудамж
-Чойдогын гудамж
-Чоймболын гудамж
-Намнансүрэнгийн гудамж
-Ханддоржийн гудамж
-Баруун Сэлбийн гудамж
-Нэгдсэн үндэсний гудамж
-Хувьсгалын зам
-Жамьян гүний гудамж
-Төмөрчний гудамж
-Тасганы овооны зам
-Амгалангийн зам
-Улиастайн зам
2-р зэрэглэл:
-Сонсоглонгийн зам
-Толгойтын зам
-Орбитын зам
-Дарь эхийн зам
-Дамбадаржаагийн зам
-Хайлаастын зам
-Чингэлтэйн зам
-Шархадны зам
-Данзангийн гудамж
-Энгельсийн гудамж
-Ажилчны гудамж
-ТЭЦ-4-ийн зам
-15-р хорооллын арын зам
-Модон заводын зам
-Мах комбинатын зам
-Баян хошууны хойд зам
-Говь коминатын зам- Налайх- Багануур- Багахангай-хүртлэх зам
7.6 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам , мэдээллийн байгууламжаас хураах үнийн тариф.
Самбарт байгууламжийг тодорхойлохдоо эхлээд нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлно. Бусад төрлийн рекламын байгууламжийг талбайн эзэлхүүнээр тодорхойлон тооцно.
|
Талбайн хэмжээ
м2
|
1м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр / төгрөгөөр / |
|
|
1-р зэрэглэл |
2-р зэрэглэл |
|
|
0-10 |
14 000 |
7000 |
|
18 |
111 100 |
55 550 |
|
36 |
69 444 |
34 722 |
|
60 |
50 000 |
25 000 |
|
61-100 |
30 000 |
15 000 |
|
100-с дээш |
20 000 |
10 000 |
Жич: Дирижабль , аэростат , агаарын бөмбөлөг хөөргөх , байрлуулах нэг удаагийн зөвшөөрлийг 150 000 төгрөгөөр тооцно.
Хоёр , гурав түүнээс дээш талтай самбаруудын талбайг тодорхойлохдоо нэг талын үнэлгээг самбарын талуудын тоогоор нэмэгдүүлж тооцно.
7.7 Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлуулах жижиг мэдээллийн байгууламжийн хураамжийг 0-10 м2 талбайн хэмжээний дундаж хэмжээгээр тооцон, зэрэглэл үл хамаарч жилийн 140 000 төгрөгөөр тооцно.
7.8 Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, соёл боловсролын чиглэлийн агуулгатай зохих зөвшөөрөл авсан гадна рекламын байгууламж нь хураамжуудаас чөлөөлнө.
Найм. Хүлээлгэх хариуцлага
8.1 Энэ журмын заалтыг зөрчсөн гэм буруутай байгууллага, албан тушаалтанд Зар сурталчилгааны хуулийн 29 дүгээр зүйлийн1 дэхь хэсгийн 1 дүгээр заалт, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн .2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 3 дахь заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэхь заалтын дагуу хариуцлага ногдуулна.
8.2 Гадна рекламын байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хураамжаа төлөөгүй болон зөвшөөрөлгүй рекламын байгууламж байрлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн байгууламжийг буулгасан зардлыг нөхөн төлүүлж, реклам байрлуулан сурталчилгаа хийх эрхийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлнэ.
8.3 Гадна рекламын байгууламж байрлуулах явцад гаргасан их бага хэмжээний хохирлыг сэргээн засварлаагүй, дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн байгууллага аж ахуйн нэгж иргэдэд хохирлын хэмжээнээс шалтгаалж холбогдох арга хэмжээг авна
