Мэдээ мэдээлэл:

ДЭНЖИЙН 1000-Д ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭГДЛЭЭ

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Мэрси Кор” олон улсын байгууллага, “Дэнжийн 1000” худалдааны төв хамтран зохион байгуулж буй цагаан идээний үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

Хөдөөгийн иргэд, малчид, малчдын бүлэг хоршооны үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ болон махыг нийслэлчүүддээ ямар нэгэн шат дамжлагагүйгээр хүргэх зорилготой зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаанд 12 аймгийн 70 гаруй бизнес эрхлэгчид, тэдгээрийн дотор 30 орчим нь малчдын бүлгийн гишүүд оролцож байна.

Зохион байгуулагчид үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэдийн орон нутгаас бараа бүтээгдэхүүнээ авчрах тээврийн зардлыг нь даасан бөгөөд стандартад нийцсэн агуулахаар үнэгүй үйлчилж байгаа юм байна.

Монголчуудын уламжлалт баяр сар шинэ дөхөж байгаа энэ үед энэ ажлыг зохион байгуулснаар хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр болж байна. Мөн нийслэлчүүд хямд, найдвартай сүү, цагаан идээ, мах худалдаж авах боломж бүрдэж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 29-нөөс 31-ийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.