Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдүүдийн хог хаягдлын ангилал, хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгах, ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Хоёр. Хог хаягдлын ангилал, нэр томъёоны тайлбар
2.1 “Хог хаягдал цуглуулах эрх бүхий байгууллага” хог хаягдал цуглуулах,тээвэрлэх зөвшөөрөлтэй ,мэргэжлийн байгууллагыг хэлнэ.
2.2 “Бусад хог хаягдал” гэж аливаа хогноос дахин ашиглах боломжтой хог хаягдлын хэсгийг зайлуулахад үлдсэн ахуйн хог хаягдлын хэсгийг хэлнэ. “Бусад хог хаягдал”-д аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, цахилгаан барааны хаягдал ба эмнэлгийн хог хаягдал орохгүй болно.
2.3 “Эх үүсвэр дээр ангилах” гэдэг нь хог хаягдлыг үүсгэгч этгээд дахин ашиглах боломжтой болон бусад хог хаягдал,ахуйн аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал,эмнэлгийн хог хаягдал гэж энэхүү журамд заасны дагуу ангилан хаяхыг хэлнэ.
2.4 Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдлыг оруулна
2.4.1 Цаас \ сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү,жүүсний тетропак савалгаа\
2.4.2 Хуванцар \ төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампуун, угаалгын шингэний хуванцар сав,\
2.4.3 Хөнгөн цагаан, метал, зэс,гууль \ төрөл бүрийн хөнгөн цагаан ,метал,зэс,гууль сав \
2.4.4 Шил \ хүнсний болон ундааны төрөл бүрийн шилэн сав\
2.4.5 Модон эдлэлийн хаягдал
2.4.6 Гялгар уут, хуванцар сав баглаа боодол
2.5 Бусад хог хаягдалд дараах хог хаягдлыг оруулна.
2.5.1 Нүүрсний үнс
2.5.2 Түргэн муудах хоол, хүнсний хаягдал
2.5.3 Ариун цэврийн хэрэглэлийн хаягдал
2.5.4 Дахин ашиглагдах хог хаягдлын ангилалд ороогүй бусад хог хаягдал
2.6 Ахуйн аюултай хог хаягдал гэдэг нь айл өрхөд үүссэн, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж буй болон учруулах боломжтой хог хаягдлыг хэлнэ. Ахуйн аюултай хог хаягдалд дараах хог хаягдлыг хамруулна.
2.6.1.1 Будаг, уусгагч бодис
2.6.1.2 Өөрөө явагч тээврийн хэрэгслээс үүсэх хаягдал (ашигласан тос, масло, үл хөлдөх шингэн, дугуй)
2.6.1.3 Хортон шавьж, мэрэгчдийг устгах хор
2.6.1.4 Мөнгөн ус агуулсан хаягдал (термометр, мөнгөн ус ашиглагдсан унтраалга-залгуурын төхөөрөмж, өдрийн гэрэл, энэ төрлийн гэрэлтүүлгийн хэрэгсэл)
2.6.1.5 Электрон барааны хаягдал (PC, телевизор, гар утас)
2.6.1.6 Аэрозол буюу шүршигч савтай бүтээгдэхүүний хаягдал (пропан цилиндр)
2.6.1.7 Түлэгч, идэмхий бодисууд (цэвэрлэгээний бодис)
2.6.1.8 Хөргөгч бодис агуулсан гэр ахуйн бараа
2.6.1.9 Зарим тусгай батерей (литиум, никель кадмум, электрон цагны зай)
2.6.1.10 Дарь
2.6.1.11 Радио идэвхит хаягдал (утаа мэдрэгч)
2.7 Барилгын хог хаягдалд: барилгын болон аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны явцад шууд болон шууд бусаар үүссэн цаашид хэрэгцээгүй материалыг хамруулах ба үүнд тоосго, бетон, мод, тусгаарлагч болон дулаалгын материал, хадаас, цахилгаан монтаж,сантехникийн тоног төхөөрөмж, арматур,хаягдал плита,ханын цаас зэрэг барилгын материалаас гадна суурийн шороо, огтолсон мод, чулуу зэрэг барилгын бэлтгэл ажлын явцад үүссэн хог хаягдлыг багтаана.
2.8 Эмнэлэгийн хог хаягдалд: Эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны явцад үүсэх хэрэглэгдсэн тариур, тариурын зүү, дуслын систем ,хэрэгсэл, бохирдсон боолт, биеийн хэсэг, оношлогооны дээж, цус, химийн бодис, эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, радио идэвхит материалыг багтаана
Гурав. Хүлээх үүрэг
3.1 Захирагчийн ажлын албаны хүлээх үүрэг:
3.1.1 Улаанбаатар хотын хог ангилан хаях, цуглуулах аргачлалыг энэхүү журмын дагуу боловсруулж хог ангилан хаях, цуглуулах үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь дүүргүүдийн ЗДТГ,хог хаягдал цуглуулах эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
3.1.2 Хог хаягдал ангилан хаях, цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдийн уялдаа холбоог хангах,зохицуулалт хийх
3.1.3 Хог хаягдал ангилан хаях, цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь дүүрэг, хороодод мэргэжлийн туслалцаа үзүүлэх
3.1.4 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хог хаягдлыг ангилан хаях, хадгалах саваар хангах, тэдгээрийг цуглуулах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх
3.1.5 Хог хаягдлын төвлөрсөн цэг дээр дахин ашиглах боломжтой хог хаягдлыг хүлээн авч ангилан ялгалт хийх байгууламжийг байгуулна.
3.2 Дүүргийн Засаг даргын хүлээх үүрэг:
3.2.1 Нутаг дэвсгэрийнхээ БААН, айл өрх, иргэдийн ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх өдөр, хуваарийг батална.
3.2.2 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллана.
3.2.3 Нутаг дэвсгэрийн айл,өрх,багууллага,аж ахуйн нэгж,иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях талаар сургалт,сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
3.2.4 Нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цуглуулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
3.2.5 Батлагдсан өдөр, хуваарийн дагуу ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.
3.2.6 Анхан шатанд ахуйн хог хаягдлыг ангилан ялгасан айл өрх, иргэн,байгууллага,аж ахуйн нэгжийг урамшуулах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.
3.3 Хорооны Засаг даргын хүлээх үүрэг:
3.3.1 Дүүргийн Засаг даргын баталсан ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр,хуваарийн дагуу хорооны нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх графикийг гаргаж мөрдүүлнэ.
3.3.2 Нутаг дэвсгэрийн айл, өрх,иргэд, байгууллага,албан газар, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг энэхүү журамд заасны дагуу ангилан ялгуулах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавина.
3.3.3 Хорооны оршин суугчид болон байгууллага , аж ахуйн нэгж, СӨХ-дыг хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
3.3.4 Ангилсан хог хаягдлыг цуглуулах ,тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтын график, хугацаа,давтамжинд хяналт тавина.
3.3.5 Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг хадгалах саванд байнгын хяналт тавих
3.4 СӨХ-ийн хүлээх үүрэг:
3.4.1 Байгууллага аж ахуй нэгж, айл өрх, иргэдийн анхан шатанд ангилсан хог хаягдлыг зориулалтын газар болон орцны жижүүр хадгалах, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.
3.4.2 Харъяалж буй орон сууцныхаа оршин суугчид, орцны жижүүрүүдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях болон ангилсан хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх өдөр, хуваарийн талаар мэдээлэл өгч, сургалт сурталчилгааг зохион байгуулна.
3.4.3 Ангилсан хог хаягдлыг цуглуулах цэг, байршлыг тогтоож, ангилсан хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
3.5 Байгууллага аж ахуй нэгж, иргэдийн хүлээх үүрэг:
3.5.1 Хог хаягдлыг Орон сууцны хороолол, гэр хороолол, байгууллага аж ахуй нэгж гэж 3 төрлөөр ангилан ялгана. Үүнд:
3.5.2 Орон сууцны хороолол: Бункертэй орон сууцны айл өрх бусад хог хаягдлаа бункерт, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа зориулалтын хог хаягдал хадгалах сав, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.
3.5.3 Орон сууцны хороолол: Бункергүй орон сууцны айл өрх, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа байр, орцыг хариуцан ажилладаг жижүүрт, бусад хог хаягдлаа байр, орцнуудын нэгдсэн хогийн цэгт, дуудлагаар үйлчилж буй тусгай зориулалтын хог тээврийн машинд, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.
3.5.4 Гэр хороолол: Дахин ашиглах боломжтой хог хаягдал, бусад хог хаягдал, үнс гэж 3 төрлөөр зориулалтын саванд хадгалж , ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.
3.5.5 Байгууллага аж ахуй нэгж: Дахин ашиглах боломжтой, бусад хог хаягдал гэж 2 төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд эмнэлэгийн болон аюултай,барилгын хог хаягдлыг тусгай зориулалтын машин техникт зааврын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад батлагдсан өдөр,хуваарийн дагуу хүлээлгэж өгнө.
3.6 Ангилсан дахин ашиглах боломжтой хог хаягдлыг иргэд зохих төлбөрөөр худалдаж борлуулж болно.
3.7 Айл өрх,байгууллага, аж ахуйн нэгж,иргэдийн хог хаягдлыг зөвхөн хог хаягдал цуглуулах эрх бүхий байгууллага цуглуулж тээвэрлэнэ.
3.8 Ахуйн хог хаягдал эзэмшигч нь дахин ашиглах боломжтой хог хаягдал болон бусад хог хаягдлыг нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан хогийн саванд ангилалын дагуу хаяна.
3.9 Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг цуглуулах зорилгоор хог хаягдлыг хүлээн авах цэгийг тусгайлан тогтоосон тохиолдолд ахуйн хог хаягдал эзэмшигч нь хогоо зөвхөн тэрхүү тогтоосон цэгт хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдэд хогоо хүлээлгэж өгнө.
3.10 Хог хаягдал цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагын хүлээх үүрэг:
3.10.1 Дүүргийн Засаг даргын баталсан өдөр, хуваарийн дагуу дахин ашиглах болон бусад хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг эрхэлнэ.
3.10.2 Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг төвлөрсөн цэгийн хог ангилан ялгах байгууламжинд, бусад хог хаягдлыг төвлөрсөн цэгийн ладфиллийн талбайд зөвхөн тээвэрлэн авчирна.
3.10.3 Ахуйн аюултай хог хаягдал, эмнэлгийн хог хаягдлыг холбогдох байгууллагын хяналтан дор тусгай зориулалтын авто машинаар тээвэрлэж зориулалтын устгалын байгууламж,цэгт хүргэнэ.
3.10.4 Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй , замын хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүй, хүрээлэн буй орчинг сүйтгэх эсвэл бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх байдлаар хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх
3.10.5 Барилгын хог хаягдлыг зориулалтын авто машинаар тээвэрлэж барилгын хог хаягдал устгах байгууламж, цэгт хүргэнэ.
3.10.6 Гэр хороллын үнс болон бусад хог хаягдлыг задгай тэвштэй автомашинд тээвэрлэхдээ бүтээлэгтэй, хог хаягдал хийсэхгүй байх бүх нөхцлийг хангана.
Дөрөв. Хориглох зүйлс
4.1 Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях
4.2 Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, гал гаргах, ухаж тараах
4.3 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий байгууллагаас өөр этгээд цуглуулах,тээвэрлэх болон ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах
4.4 Хог хаягдлыг нийтийн эзэмшлийн гудамж,зам талбай, далан,шуудуунд ил задгай хаях
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийг “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 22.4-р зүйлийг үндэслэн торгож, учруулсан хохирлыг арилгуулна.
5.2 Энэхүү журмын биелэлтэд эрх бїхий мэргэжлийн хяналтын байгууллага, бїх шатны Засаг дарга хяналт тавина.
Зургаа.Урамшуулах
Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгаж хэвшсэн айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг худалдан авах, олон нийтэд сурталчлах, хог хаягдлын төлбөрөөс зохих хугацаагаар чөлөөлөх зэрэг урамшууллын арга хэмжээг авна.
