Цэмцгэр монгол наадмаар уриалга болгосон 500 гаруй залуус сайн дурын үйл ажиллагаагаа эхэллээ
Нийслэл хотынхоо өнгө үзэмжинд санаа тавих хүмүүс багагүй. Гэвч санаачлан хийх нь байдаггүй. Тэгвэл “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ нь “Оюуны эрэл”оюутны холбоотой хамтран “Service Party Day” сайн дурынхны төслийнхөө ээлжит үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ. Мөн нийслэлийн захирагчийн ажлын алба, наадмын зохион байгуулах салбар хороотой хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тэд энэ удаад Оюуны Эрэл Оюутны Холбоо, Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ зэрэг энхийн төлөөх байгууллагуудтай хамтран “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байгаагаа дуулгалаа. “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Баяр Наадмын үйл ажиллагааг нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, тайван амгалан орчинд соёлтой боловсон баярлах нөхцлийг бүрдүүлэхэд тус үйл ажиллагааны үндсэн зорилго нь оршиж байгаа аж.
Тэдний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь Монгол улсын хөгжил болон нийслэл Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгахад бодитой хувь нэмэр оруулах,оюутан залуучууд, ард иргэдийн ухамсар, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулах зорилготойгоор тогтмол хийж ирсээр гурав дахь жилтэйгээ золгож байгаа гэнэ.
Цэмцгэр монгол наадам гэж уриалгаа болгосон үйл ажиллагаа баярын өдрүүдэд төвлөрч нийт 14 хоног үйл ажиллагаа үргэлжлүүлэх аж. Тиймээс иргэдэд монголоо, нийслэлээ гэсэн эх оронч сэтгэлгээг бага ч болов төлөвшүүлж байгаа аж. Нийт өөрсдийн сайн дураар нэгдэж байгаа 500 гаруй залуус энэхүү арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. 2010 оны 6 сарын 28-аас гараагаа эхэлсэн “Цэмцгэр монгол наадам” аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээ, олон нийтэд таниулах ажлууд, сайн дурынхныг бүртгэх, боловсруулах сургалтууд, мөн наадмын өдрүүдэд “Цэмцгэр Монгол Наадмын талбай”, “Соёлтой зорчигчид соёлтой үйлчилгээ” зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Дашрамд дурдахад анх 2008 оны есдүгээр cарын 6-9-ний өдөр нийслэлд “Дэлхийн Энхийн Их Наадам” болж байсан аж. Харин энэхүү наадмын дараагаар Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Тиймээс ч нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2008 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 414 тоот захирамжийн дагуу “Service Party day” хэмээх сайн дурын үйл ажиллагааг жилд дөрвөн удаа хамтран зохион байгуулахаар болжээ. Service Party Day” төсөл нь одоогийн байдлаар 11 удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа бөгөөд нийт 25.954 сайн дурынхан хамрагдан оролцоод байгаа юм байна.
